Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдлээ.

2024/08/01

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.  Уг вирус нь ганцхан ийлдэс хүрээтэй тул энгийн нэг валенттай. Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай. Улаан бурхны вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой.

Шинж тэмдэг

Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

Эмчилгээ

  • Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна.
  • Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана.
  • Витамин эмчилгээ хийнэ. А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ.
  • Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
  • Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна.
  • Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах.
  • Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих.
  • Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх.

Урьдчилан сэргийлэх

  • Өвчтөнийг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
  • Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
  • Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.