Монгол шагай
Малынхаа хойд хөлийн шаантны нарийн үзүүрт,нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ . Шагайг зарим газарт шаа гэж нэрлэдэг.
Шагайг хонь ямааныхыг бог малын ,бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэдэг. Монголчууд эрт дээр үеэс эхлэн шагайг өнгө будганд оруулан хэрэглэсээр ирсэн. Малын шагайг цэвэрлэж, олноор нь цуглуулж хүүхдүүдээ тоглуулдаг уламжлалтай.
Шагайн наадгайн түгээмэл тоглоомуудаас нэрлэвэл
Дөрвөн бэрх орхих
Зөв эрчтэй дөрвөн (морь тал нь) шагай сонгож авна. Шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ.
Бөгцөг няслах.
Шагай орхиж адил дүрсээр нясалж наадах
Шагай таалцах
Хоёр этгээд адил тооны шагайг барьж тус тусын тасалж атгасны тоог нийлүүлэн бодож онож хэлсэн нь нөгөөгийнхийг авч наадах.
Шагай харвах
Усан годил тавьж харвах, хашлага сумаар хасан харвах зэрэг олон төрөлтэй. Олон хүн нийлж шагайг өрж, сах сумаар харван унагаж талцан нааддаг.
Алаг мэлхий өрөх
Үүнийг тоглохын тулд янз бүрийн өнгөтэй шагайгаар алаг мэлхий өрөөд нэгээс арван хоёр нүхтэй шоо орхин, буусан нүхний тоогоор мэлхийнээс авч мэлхий өрсөн шагай дуусахад олон шагай цуглуулсан нь хожно.
Морь уралдуулах
Олон тооны шагайг морь болгон цувуулан өрнө. Дараа нь ээлжлэн дөрвөн шагайгаа орхиж буусан морины тоогоор өөрийнхөө морийг гараанаас гарган урагшлуулна.
Морь буулгаж чадахгүй бол дараагийн хүн шагайг орхино. Ингэж ээлжлэн орхиж уралдсаар морь нь түрүүлж барианы газар хүрсэн нь хожиж, хоцорсон нь баян ходоод болж шийтгэл хүлээнэ.
Шагай шүүрэх
Маш нарийн төмрөөр хэлхэж хийсэн гархийг энэ тоглоомд хэрэглэнэ. Үүнийг тоглохдоо дэвсгэр дээр олон шагайг өрөөд тоглогч хүн гинжин гархийг дээш шидээд эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас тодорхой хэсгийг шүүрч аваад дээрээс бууж буй гархийг барьж авна. Ингэхдээ гарт атгасан шагайнаасаа унагах, гархиа барьж авч чадахгүй бол тооцдоггүй. Хэрэв алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч дахин тоглоно. Алдвал дараагийн хүн тоглон газарт байсан шагайг хүмүүс шүүрч дууссан үед бүгд авсан шагайгаа тоолж, хэн олон шагай цуглуулсан хүн хожно.