Монгол үхэр буюу Сарлаг

2024/05/17

Монгол улсад 2023 оны эцсийн байдлаар 993,944 тоо толгой сарлаг тоологдсон байна. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан байна. Эдгээрээс хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм.

Сарлаг бол манай орны уулархаг бүс нутгаар тархсан малын нэг бөгөөд амьдрахуйн орчин, экологийн нөхцөлтэйгээ холбоо бүхий маллагааны болон аж ахуйд ашиглагдах байдлаараа бусад малаас ялгагдах хэд хэдэн өвөрмөц онцлогтой сүрэг юм. Үүнд: Манай оны Хангай, Их Алтай, Говийн Алтай, Саяны нурууны урьд хэсэг, Хэнтийн нурууны өмнүүр гол төлөв тархсан бөгөөд дундажаар далайн түвшнээс хамгийн нам нь 1600 м ба түүнээс дээш өндөрлөг газраар байршдаг. Намхан тачир, шим тэжээлийн чанараар төдийлэн сайнгүй, цөөхөн төрлийн өвс ургамал бүхий өндөр уулын таг, царам, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, хад асгатай чулуурхаг газраар идээшлэхдээ зохицсон болно. Сарлаг цас, шуурга, өндөр газрын хүйтэн жаврыг нэн сайн тэсвэрлэх Өндөр уулын орой, цавчим ангал, хад асгатай газар орших бэлчээрт бусад мал бараг хүрдэггүй, хүрлээ гэхэд удаан байлгах боломжгүй, мал ч тогтдоггүй учраас зөвхөн сарлагын бэлчээрт ашиглах нөөц гэж үздэг. Сарлаг бол тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал юм. .

Сарлагийн бух үнээнээсээ биеийн үндсэн хэмжээгээр 20-30 хувь, жингээр 50-60 хувиар илүү биеэр том байдаг. Сарлагийн цээжин бие том, урт, гүн,багтаамж ихтэй. Сээр хавирганы тоо 14-15 буюу жирийн үхрийнхээс нэгээр илүү юм. Сарлаг нь харьцангуй богиновтор биетэй, биеийн ташуу уртыг нь өндөрт харьцуулахад 110-115 хувь орчим байдаг. Сарлаг нь биеийн жингээр зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450, үнээ 270-280, 3-4 настай шар 300-350, эр шүдлэн 220-250 кг байдаг байна.

Сарлагийн үнээ 3-6 сард зонхилон тугаллана. Сарлагийн сүүний нийт гарцын хэмжээ хөхүүл явах хугацаатай шууд уялдаатай. Тухайлбал 2-3 дугаар сард тугаллавал дунджаар 740, дөрөвдүгээр сард бол 670, тавдугаар сард бол 600, зургаадугаар сард бол 560 литр байна. Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2, уураг 5.3, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах 9 дүгээр сараас бүр өтгөрч 10-11 сард тослог нь 9-12 хувьд хүрдэг.

эх сурвалж/ википедиа