Галзуу өвчиний тухай
Галзуу өвчин нь хүн болон бусад бүлээн цуст амьтанд хурц хэлбэрийн тархины үрэвсэл үүсгэдэг вирусийн гаралтай өвчин юм.Галзуу өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг. Халдвар авсан амьтан өөр амьтан эсвэл хүнийг хазах эсвэл урах тохиолдолд энэ өвчин халдварладаг байна. Галзуу өвчин нь дэлхийн хэмжээнд жил бүр 26,000-55,000 хүний нас баралтын шалтгаан болдог. Эдгээр нас баралтын 95 гаруй хувь нь Ази болон Aфрикт тохиолддог. Галзуу өвчин нь 150 гаруй улс оронд, Антарктидаас бусад бүх тивд бүртгэгдсэн байдаг. 3 тэрбум гаруй хүн галзуу өвчин тохиолддог бүс нутгуудад амьдарч байна.
Халдвар ямар замаар дамждаг вэ?
Галзуурсан амьтны шүлстэй хамт өвчний вирус хазсан буюу маажсан газраар орж халдварлуулна. Маш ховор тохиолдолд арьсанд үүссэн шарх, салст мембранаар нэвтрэх замаар халдварладаг. Хүнээс хүнд халдварлах нь онолын хувьд боломжтой боловч баримтжуулаагүй. Галзуурсан амьтны вирус агуулсан шүлс, хазсан буюу маажсан газраар нэвтэрч халдварлана.
Галзуугаар ямар амьтад өвчилдөг вэ?
Галзуу өвчнөөр бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү их мэдрэг.
Галзуугаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний эмнэлзүй өвчний урьдал үе, хөөрлийн үе саажилтын үе гэсэн 3 үе шатаар илэрнэ.
Галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах
Хот суурин газарт эзэнгүй нохойг хяналтанд авах, тэжээвэр нохой, муурыг мал эмнэлгийн хяналтанд байлгаж, вакцинжуулах, галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах
Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг 5 минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаах
Яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтанд байх.

эх сурвалж/ ЗӨСҮТ